Энэ онд сургууль, цэцэрлэгийн 12 цогцолбор ашиглалтад орно

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд сургууль цэцэрлэгийн 14 цогцолбороос 12 нь ашиглалтад орохоор байна. Баянзүрх дүүрэгт барьж буй хоёр цогцолборын ажил 30 хувьтай байгаа аж. Энэ хоёр цогцолборын ажлыг он дамжин гүйцэтгэхээр болжээ. Бусад 12 цогцолборын ажил 80-100 хувийн гүйцэтгэлтэй байна. 14 цогцолборын ажилд нийслэлийн төсвөөс нийтдээ 31 тэрбум төгрөгийг гаргаж байгаа юм. Нэг цогцолборт дунджаар 2.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Одоогоор Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй цогцолборын ажил 100 хувь дуусчээ. Харин Хан Уул дүүргийн 10, Баянгол дүүргийн долоо, Баянзүрх дүүргийн 19, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд баригдаж буй цогцолборын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Баянзүрх дүүргийн 23, 27 дугаар хороонд баригдаж буй цогцолборын ажил 30 хувьтай байгаа юм. Энэ хоёр цогцолборын ажлыг 2015 онд ашиглалтад оруулж амжихааргүй болжээ. Үлдсэн цогцолборын ажил 60-90 хувьтай үргэлжилж, 2015 онд ашиглалтад оруулахаар байна.

Энэ жилийн хувьд цэцэрлэгийн насны 116 мянга гаруй хүүхэд байсан. Тэдний 90 мянга нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн 20 мянга гаруй хүүхэд нь цэцэрлэггүй хоцорсон билээ. Тэгвэл энэ 14 цогцолбор ашиглалтад орсноор 2000 гаруй хүүхэд цэцэрлэгт, 3000 гаруй хүүхэд сургуульд нэмж хамрагдах боломж бүрдэнэ. Онцлог нь тухайн хүүхэд зургаан нас хүртэл цэцэрлэгтээ яваад, үргэлжлүүлээд тэндээ сургуульдаа явах боломжтой цогцолборууд шинээр нэмэгдэж байна.

Цогцолбор тус бүрээр явцын мэдээг сонируулбал:

  • Хан Уул дүүргийн 15 дугаар хороо – 100 хувь /2015.11.11-нд улсын комисс хүлээж авсан/
  • Хан Уул дүүргийн 10 дугаар хороо – 95 хувь /2015.12.20-нд ашиглалтад орно/
  • Баянгол дүүргийн 7 дугаар хороо – 95 хувь /2015.11.20-нд комисс ажиллуулна/
  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо – 95 хувь /2015.11.26-нд ашиглалтад орно/
  • Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо – 95 хувь /2015.12.01-нд ашиглалтад орно/
  • Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо – 90 хувь /2015.12.25-нд ашиглалтад орно/
  • Хан Уул дүүргийн 14 дүгээр хороо – 88 хувь /2015.10.31-нд ашиглалтад орох байсан/
  • Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо – 85 хувь /2015.12.30-нд ашиглалтад орно/
  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо – 85 хувь /2015.12.20-нд ашиглалтад орно/
  • Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо – 80 хувь /2015.11.15-нд ашиглалтад орох байсан. Нэмэлт хөрөнгө шийдэгдээгүйгээс зогссон/
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо – 75 хувь /2015.12.26-нд ашиглалтад орно/
  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо – 60 хувь /2015.12.20-нд ашиглалтад орно/
  • Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо – 30 хувь /2016 онд ашиглалтад орно/
  • Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо – 30 хувь /2016 онд ашиглалтад орно/

 

 

Түгээх