Дамбадаржаагийн уулзвар-Шарга-морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн замын ажил хэвийн үргэлжилж байна

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерийн сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулж, Дамбадаржаагийн уулзвар – Шаргаморьт - Хандгайт чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Шаргаморьтоос Хандгайт хүртэлх замын зорчих хэсэг долоон метрийн өргөнтэй байсан бол 9,3 метр, нэг талдаа дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй болох юм. Уг ажлыг нийт 25100.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэж байна. Энэхүү замыг 1982-1985 онд анх барьсан  ба ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл урсгал засвар болон шинэчлэлтийн ажил огт хийгээгүй юм. Уг чиглэлд суурьшлын бүс ихээр үүссэн бөгөөд зуны улиралд өдөрт 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна.  Өргөтгөл шинэчлэлээр замын техник ашиглалтын түвшин дээшилж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зам барилгын ажлын худалдан авалтыг шуурхай зохион байгуулах үүднээс таван хэсэгт хувааж, авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг дараахь байдлаар сонгон шалгаруулсан байна.

Багц-1 Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто зам. Гүйцэтгэгч "Тэгш Плант" ХХК болон "Эрдэнэ зам" ХХК-ний түншлэл.

Багц-2 Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км авто зам.  Гүйцэтгэгч "Төгс зам" ХХК.

Багц-3 Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто зам. Гүйцэтгэгч "Наранбулаг-Хан" ХХК.

Багц-4 Шаргаморьтын 50 урт метр төмөрбетон гүүрийн барилгын ажил.  Гүйцэтгэгч "Мотор Сервис" ХХК.

Багц-5 Авто замын гэрэлтүүлэг болон авто замын трасст орсон 0.4 - 10 кВ-ын ЦДАШ зөөх ажил гүйцэтгэх юм.

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат: “Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа зохион байгуулах ажил 84 хувь, гүйцэтгэл  65 хувьтай байгаа нь өнөөдрийн байдлаар маш өндөр үзүүлэлттэй байна. Зуслангийн замын өргөтгөл шинэчлэлт бол маш чухал, энэ бүсийн иргэдийн хүсэн хүлээсэн ажил яахын аргагүй мөн. Улаанбаатар хотын иргэдийн 80 орчим хувь нь зуслангийн бүсээр зорчиж байна. Зуслангийн замыг шинэчилснээр энэ бүсийн барилга, үл хөдлөх хөрөнгө үнэтэй болж, бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бололцоотой болох юм. Зам нь муу байсан учраас зуслангийн бүсийн хөгжил удааширч байна. Уг байршлуудад авто замын бүтээн байгуулалтын ажил эхлүүлснээс хойш иргэд талархалаа илэрхийлж, таатай хүлээн авч байгаа. Ирэх жилээс нийслэлийн иргэд маань ямар ч саад бэрхшээлгүй зусландаа тав тухтай амрах боломжтой болно” гэлээ.


Түгээх