“Алтанбулаг трейд” ХХК Монгол гуравдугаар сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэж дууслаа

Монгол гуравдугаар сургууль 2015-2016 оны хичээлийн жилийг сургуулийн шинэхэн барилгатайгаар угтах гэж байна. Энэ өдрүүдэд сургуулийн дотоод тохижилтын ажил ид өрнөж байгаа учир хичээлийн шинэ жилийн нээлт болон сургуулийн албаны ёсны нээлтийг  9-р сарын 7-нд зохион байгуулахаар болжээ. Төсөв мөнгөний асуудлын улмаас сургуулийн хуучин барилгыг нураах болон шинэ сургууль барих ажил хойшлогдож, бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч онд эхэлсэн. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас уг ажлын тендерийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Алтанбулаг трейд” ХХК-ийг сонгон шалгаруулсан юм. “Алтанбулаг трейд” ХХК нь төсвийн хөрөнгөөр чанартай гүйцэтгэл хийж, олон улсын стандартыг хангасан  сургуулийн барилга ашиглалтад өгч байна.  Гурван давхар бүхий, нэг ээлжиндээ 980 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль нь номын сан, интернэт танхим, чийрэгжүүлэлт, урлаг, хөгжмийн,  биеийн тамирын  зэрэг өрөө танхимтай байх юм. Энэ жилийн хувьд Монгол 3-р сургуулиас гадна ашиглалтын хугацаа дууссан сургуулиудын барилгыг шинэчилж байгаа. Үүний нэг нь 14-р сургууль юм. Харин 11-р сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор энэ хичээлийн жилд ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжилж байна. 

Түгээх