Бизнес чуулга уулзалтын үеэрх "Төсвийн хөрөнгө оруулалт" салбар хуралдааны товч тэмдэглэлтэй танилцана уу

Салбар хуралд 300 гаруй хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож хөрөнгө, оруулалт, худалдан авалтын талаар маш үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Төсвийн хөрөнгө оруулалт салбар хуралд зохион байгуулагч талаас Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Орлогч Ү.Энхтайван, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратеги бодлого, төлөвлөлтийн хэлстийн дарга Баярбаатар нар оролцож модератораар Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Л.Отгонтуяа ажиллав. Уг арга хэмжээнд оролцож амжаагүй аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор асуулт, хариултыг товчоор хүргэж байна.

1-р асуулт:

Манай компани 2013 онд Баянзүрх дүүргийн 13 хорооллоос Туул Жин Пан өгсдөг автозамын дагуух тохижилтын тендерт оролцоод ялагдсан. Гэтэл санамсаргүй тохиолдлоор тендерт ялсан компани манай руу уг ажлын гүйцэтгэлийг хийх үү гэж санал тавьсан. Ажиглаж байхад энэ ажил маш их хугацаа алдаж байж, чанар муутай хийгдсэн. Энэ талаар ямар тайлбар сонсмоор байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Орлогч Ү.Энхтайван:

Тусгай зөвшөөрөл гэрчилгээнээс өөр юмгүй цүнхний компани гэж ойлголт явдаг байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон. Та асуудлыг тэр талаас нь харж байх шиг байна. Худалдан авах ажиллагаа, сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу зохион байгуулж байгаа эсэхэд хөндлөнгийн төрийн байгууллагаас тогтмол хяналт, шалгалт хийдэг. Ямар нэг байдлаар шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах боломжгүй эрхзүйн зохицуулалттай байгаа. Чанартай оролцогчийг сонгон шалгаруулах нь хөрөнгө оруулалтын үр өгөөж, ажлын гүйцэтгэлд эерэгээр нөлөөлөх нь ойлгомжтой.

Тухайн худалдан авалттай холбоотой бүх материалыг захиалагч байгууллага хянаж шалгах боломжгүй. Харин санхүүгийн чадамж, ажлын туршлага, техник хэрэгслийн хүчин чадал зэрэгт хяналт тавьж гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэх боломжтой.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа:

Туул Жин Пангийн орчмын тохижилтын хувьд гэрээ байгуулаад ажил нь эхлэх гэтэл тухайн байршил дээр хэд хэдэн ажил давхацсан. Нөгөө давхардсан ажлын сонгон шалгаруулалт болохыг бараг жил орчим хүлээсэн. Төлөвлөлтийн алдаа байсан учраас гүйцэтгэгч компанийн гэрээг сунгаж ажлыг хийлгэсэн. Гүйцэтгэлд мэргэжлийн байгууллагаас стандартын дагуу хяналт тавьж, норм, чанарын хувьд хангалттай хэмжээнд хийсэн гэж үзэж байгаа. Мэдээж, аж ахуйн нэгжүүд үүнийг хэрхэн үнэлж дүгнэх нь нээлттэй байгаа. Хэрвээ шаардлагатай гэвэл хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, хяналт тавиулж болно. Харин захиалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд гэрээний үүргээ шилжүүлсэн тохиолдолд энэ гэрээг цуцлах эрхийг Сангийн яаманд ажиллаж байгаа улсын байцаагч хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт бий.   

2-р асуулт:

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар үнэлгээний хороо хуралдаад гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлдэг. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тухайн тендерт оролцогч нэг бүрийн баримт бичгийг авч үзээд шалгаруулалт үнэн зөв байгаа эсэхийг хянаж үзсэний дараа гэрээ байгуулдаг байж болох уу?

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа:

Манайд тендерт шалгарсан компанийн материал зөвлөмжийн хамт ирдэг. Санхүү, мэргэжлийн ур чадвар, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал зэргийг харгалзаж гэрээ байгуулах шийдвэрийг гаргадаг. Тухайн тендерт ямар ямар материал ирээд түүнээс алийг шалгаруулсан эсэх нь үнэлгээний хорооны шийдэх асуудал гээд хуульчлаад өгсөн байгаа. Бидэнд оролцох эрх байхгүй.

Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат:

Худалдан авах ажиллагаатай холбоотой, энэ ажлыг хийж байгаа мэргэжилтнүүдтэй холбоотой хамгийн их хардлага сэрдлэгэ байх юм. Хамгийн их хянуулдаг, шалгуулдаг, хамгийн их дарамтанд ажилладаг байгууллага шүү. Эд маань хууль журам, Сангийн яамнаас өгч байгаа зөвлөмж чиглэлийн дагуу ажиллах гэж, аль болох шилэн, нээлттэй, шударга болгох гэж зорьж байгаа. Харамсалтай нь,  10 гаруй сая төгрөгийн татварын өртэй, энэ алдаагаа мэдсээр байж гомдол үүсгэж заргалдаад хөрөнгө оруулалтын ажлыг жил гаруй хугацаагаар саатуулж байгаа тохиолдол ч байна. Ийм ийм асуудлыг бид ойлголцох нь чухал шүү. Ядаж тендерийн баримт бичгээ стандартын дагуу боловсруулдаг болмоор байна.

3-р асуулт:

2012 оноос шинээр тавигдсан автозам найм дахин өссөн. Өргөтгөл шинэчлэл хоёр дахин өссөн. Автозамын салбар асар их хөрөнгө шаарддаг. Гэтэл ганц Улаанбаатар нэгтгэлээс өөр засвар арчлалтыг хариуцаж, хийж байгаа эзэн алга. Зам засвар, арчлалтын ажлыг хувийн хэвшилд тодорхой хэмжээгээр хуваарилж өгөх боломж байна уу? Энэ талаар ямар бодлого, чиглэлийг барих вэ?

Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж:

Чухал асуудал хөндлөө. Замын арчлалт бол үнэндээ бидний  толгойн өвчин. Энэ олон инженерийн байгууламжийг багтааж байдгаараа автозам их онцлог юм. Эрс тэс уур амьсал бусад олон хүчин зүйлийн нөлөөгөөр элэгдэл, эвдрэл их гардаг.

Нийслэл хот нийтдээ 757 км автозамтай. Төв замын гол уулзвар, нийтийн тээврийн шугамын дагуух 250 км хэсгийг Улаанбаатар нэгтгэл арчилдаг. Манайд зам ашиглалтын хугацаа, нормативын дагуу өдөр тутмын арчилгаа тордлого шаардлагатай байгаа. Бид ямар эх үүсвэрээр, засвар арчлалтыг хэрхэн хийх, түүнд хэдэн төгрөг зарцуулах талаар тооцоог бүхэлд нь гаргасан.  Ер нь бол гол зам, явган зам, гэрэлтүүлэг, хэвтээ ба босоо тэнхлэг гээд замын засвар арчилгааг хувийн хэвшилтэй хамтраад хийх зорилго байна.

Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр:

Манай үндэсний компаниуд зам харгуйгаа хийгээд гүүрэн байгууламжаа барьж сурсан.  Замын бүхий л бүтээн байгуулалтыг дандаа үндэсний компаниуд хийж байгаа. Ганцхан Нисэхийн зам дээр л хятадын компани ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Харин одоо арчлалт, тордлогоо хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэсэн асуудал бидэнд бий. Шинэ замын арчлалтыг эхний хоёр жил гүйцэтгэгч компани хариуцаад түүнээс цааш эзэнгүй үлдэж байгаа.  Замын засвар, арчлалтын ажлыг удахгүй маш сайн зохион байгуулалтад оруулна. Шаардлагатай хөрөнгө мөнгийг босгох ажилд анхаарч байна. 18-25 компани чиглэл чиглэлээр оролцохоор хэмжээнд байна. Үр дүнд нь өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, өдөр бүр цас мөсгүй байлгах хотоо хот шиг болгох боломж бий. Нэлээд том бодлого явж байгаа. Удахгүй та бүхэнд тайлагнана. Их наяадаар яригдах хөрөнгө шаардлагагдаж байна.  

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Орлогч Ү.Энхтайван:

2012 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэлээд таатай өөрчлөлт орж байнга шаардагддаг ажлыг нэмэлт гэрээгээр хийх, зохицуулалт үүссэн. Үүнтэй холбоотой 2013 онд манай газраас санаачлан Нийслэлийн ерөнхий гэрээний журмыг боловсруулж, завсар, арчлалт тохижилтын ажлыг гурав хүртэл жилээр хувийн хэвшилд хариуцуулахыг зорьсон. Ажлын тоо хэмжээг жил бүр тодотгоод гэрээгээ сунгаад явбал байнга тендер зарлахгүйн дээр аж ахуйн нэгж тогтмол ажил, орлоготой байх олон талын үр дүнг харсан. Гэвч төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамд ерөнхий гэрээний журам гаргасан учраас түүнийг хэрэгжүүлж ажиллахаар болсон. Ерөнхий гэрээг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага хийхээр хуульчлагдсан байдаг учраас энэ жил Сангийн яамтай зөвшилцөж эрх зүйн орчинд нааштай шийдвэр гаргуулна гэж найдаж байгаа.

4-р асуулт:

Манайх инженерийн шугам сүлжээний компани. Намар болохоор түрүүчийн хийсэн замаа ухаж төнхөх асуудал үүсдэг. Нэг нь нөгөөгийнхөө хийсэн ажлыг баллахгүйн тулд уялдаа холбоог сайжруулмаар байна. Шугам сүлжээний ажлыг хавар эрт эхлүүлээд дараа нь автозам, тохижилтын ажлыг эхлүүлэх талаар ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр:

Замын болон инженерийн шугам сүлжээний ажлын хоорондын уялдааг сайжруулахад анхаарч байгаа. Инженерийн шугам сүлжээний их олон ажил байдаг. Дулааны шугам сүлжээ өөрийн хөрөнгө эх үүсвэрээр, цахилгааны шугам сүлжээ өөрийн хөрөнгө эх үүсвэрээр ажил төлөвлөөд тэдгээрийн хоорондын хуваарь, график гаргах ажлыг Захирагчийн ажлын албаны Энхбаяр гэж инженер хариуцаж биднийг мэдээллээр хангаж байгаа. 2015 онд Нийслэлийн хэмжээнд 923 инженер замын ажил байгаад 1034 ажил болж өргөтгөөд бүх ажлыг Энхбаяр инженер гардан зохицуулсан. Инженерийн байгууламжийн 3-ийн А, Б магистралыг яг цаг хугацаанд нь маш чанартай хийсэнд бид сэтгэл хангалуун байгаа. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар маш сайн зохион байгуулсан. Ажлын уялдаа холбоог харуулсан графикийг нээлттэйгээр мэдээлэхэд анхаарья. Ер нь хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнөөс харж танилцах боломжтой. Мэдээлэл нь www.ulaanbaatar.mn болон www.ub-procurement.mn вэбүүдэд бий.

5-р асуулт:

Нийслэлийн ногоон байгууламжийн асуудлаар зам барилга, инженерийн байгууламжтай холбоотой ажил хийхдээ ногоон байгууламжийг ахин дахин хуулах хөрөнгө зарах шаардлага гарч байна. Өөр ямар шийдэл гарцыг эрэлхийлж байна вэ?

Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр:

Хөгжсөн бүх улс орнуудад газар дээрх болон газар доорх хот байдаг. Нийслэл хот инженерийн байгууламжаа хонгилын cистемд шилжүүлэхийг зорьж байгаа. Энэ маш их үнэ цэнэтэй ажил. Сая 3-ийн А,Б магистраль шугам, цэвэр усны шугамын нөөцийг хонгилын системээр хийсэн. Метро төслийг хэрэгжүүлэх гэж зорьж буй нь ч үүнтэй холбоотой. Ямар нэг эдийн засгийн дарамтгүйгээр 40 жилийн хугацаатай, жилийн 1 хүрэхгүй хувийн хүүтэй, эхний  12 жил ямар эргэн төлөлт байхгүй ийм хөнгөлөлттэй нөхцөлтэй төслийг энэ хавар эхлүүлнэ. Бүх шугам сүлжээг хонгилд шилжүүлж, ногоон байгууламжийг хамгаалах төгс арга бол энэ.

Метро бол зөвхөн нийтийн тээврийн асуудал биш. Бүхэл бүтэн хот буюу эдийн засгийн маш том коридор үүсгэх юм. Нэрлэж заншсанаар 25 дугаар эмийн сангаас 15 метр доош ороод нийт 6,6 км хэмжээтэй яваад Зүүн дөрвөн замаар гарна. Газар дор худалдааны бүх цогцолбор харин дээр нь кино театр, зоогийн газар бүх л үйлчилгээний газрууд байна. Метроноос шууд ажил руугаа орох ч боломжтой.

Одоо байгаа нөхцөлд нэг ажил хийхдээ нөгөөг баллаж сүйдлэх байдлыг хэрхэвч зөвшөөрөхгүй, яг л байсан хэвэнд нь сэргээхийг шаардана.

Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат:

Та бид 1,400,000 хүнтэй хотод ногоон байгууламж ямар хэмжээнд байх ёстой, түүний төлөө хэн юу хийх үүрэгтэйг мэдэх цаг болсон. Өмнө нь манай хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 8-10 м.кв байсан. Өнөөдөр 4-6 м.кв болж буураад байгаа. 2030 оны ерөнхий төлөвлөгөөнд энэ хэмжээг 20 м.кв-д хүргэнэ гэж төлөвлөж байгаа.

Дэд бүтцийн ажлын төсөвт сэргээх зардлыг зайлшгүй тусгаж өгдөг. Хүн бүр, аж ахуйн нэгж бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн төлөө байх ёстой. Аж ахуйн нэгж байгууллага 50 метр доторх талбайгаа ногооруулж тохижуулах талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Та бүхэн үүнийг хэрэгжүүлэхэд гар бие оролцоорой гэж сануулмаар байна. 

6-р асуулт:

Тендерт оролцдог компаниудыг үнэлээд, эрэмбэлээд вэбд нээлттэй байршуулах боломжтой юу? Бид чадал чансаагаараа аль хавьд явж байгаа, мөн ямар тендерт оролцох боломж байгааг мэдэхээс гадна тендер хүлээж авдаг бүтэн сарын хугацааг хэмнэмээр байна. Ер нь тендер зохион байгуулахад маш их хугацаа зарцуулж байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Орлогч Ү.Энхтайван:

Худалдан авах ажиллагаанд нэлээд их хугацаа зарцуулж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тендерүүд бүхэлдээ удааширдаг гэвэл бас өрөөсгөл юм. Тухайлсан зарим нэг тохиолдолд ажил удаашрах хүчингүй болох тохиолдол гарсан. Өнгөрсөн жилийн хувьд хүчингүй болсон зургаан тендер бий. Тухай бүрт нь зохих арга хэмжээг авч, шаардлага тавьж ажиллаж байгаа. Манай байгууллагын хувьд 2013-2015 оны хооронд энэ хугацааг тогтвортой бууруулж байгаа. 2013 оны жилийн эцэст дүгнэхэд нэг тендерийн үнэлгээний хугацаа 27, 2014 онд 24, 2015 онд 21 хоног болж буураад байна.

Цахим худалдан авалтын систем шинэчлэгдэж, ирэх 6 дугаар сараас ашиглахаар байгаа. Үүнийг ашигласнаар төрийн худалдан авалтад оролцсож буй аж ахуйн нэгжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэл үүсэх юм. Худалдан авалтыг сонгодог түвшинд хөгжүүлж буй Солонгос улс цахим систем ашиглан аж ахуйн нэгжүүдэд эрэмбэ тогтоогоод худалдан авалтаа зохион байгуулдаг жишиг байгаа.

7-р асуулт:

Үнэлгээний хорооны хурал болж байхад оролцогч компаниуд үзэгчийн хэлбэрээр хөндлөнгөөс ажиглах боломж байна уу?

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Орлогч Ү.Энхтайван:

Үнэлгээний хорооны үйл ажиллагааг ажиглаж, хөндлөнгөөс харах боломжгүй. Хуульд тендерийн нээлтээс гэрээ байгуулах хүртэл үе шат нууц байхаар заасан. Хувь хүн, аж ахуйн нэгжийн нууцын тухай хуулиар ч ингэж зохицуулсан байгаа. Нөгөө талаас үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүний хувь эрх ашигт сөрөг нөлөө үүсэхээс хамгаалж байгаа юм. Хэн, аль компанийг дэмжив гэдэг нь олон нийтэд нууц байхаар дэлхий нийтийн жишиг ч бий. Харин худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллийг үнэлгээний хороонд саналын тэгш эрхтэйгээр ажиллуулдаг. Аль болох тухайн чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбооны төлөөлөл юмуу иргэн тендерийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа. Манай дээр үнэлгээний хороо аудио, видео бичлэг хийдэг тусгай өрөөнд хуралдаж, тендерийн үнэлгээний бүх процесс Нийслэлийн дата төвд архивлагддаг. Гэхдээ энэ бол хяналт шалгалтын байгууллагаас бусдад хаалттай байдаг.  

 

8-р асуулт:

Гүйцэтгэлийн баталгаанд гэрээний үнийн дүнгийн 10 хувийг авдаг. Бид үүнийгээ олж авч чадахгүй байна. Манай компани 2015 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зургийн ажлыг хийсэн. Энэ жил ч бас хийгээд явж байгаа. Улсын ажлыг гацаахгүйн тулд оны өмнө сохор зоос ч авалгүй зургийг магадлалд өгсөн. Төсөл хэрэгжүүлэгч компани одоо ч мөнгө өгөөгүй байгаа. Нийслэлийн удирдлагуудад хандахаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг бид өөрчилж чадахгүй байна гэдэг. Хэрэв батлагдсан журамд өөрчлөлт оруулж болдоггүй юм бол зургийн мөнгийг угсралтын компаниар дамжуулалахаа больё. Зургийн компаниуд магадлалаар зургаа оруулаад, гүйцэтгэлд хяналт тавиад асуудал гарвал зохиогчийн хувиар шийдэл гаргаад ажил хүлээлцэх хүртэл хариуцлагаа үүрээд явдаг. 2016 онд энэ их бүтээн байгуулалтын ажлыг бид зургийн ажлаасаа эхлээд зөв зохион байгуулмаар байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниуд дээр саяын асуудал байнга гарч байгаа. Одоохондоо төсөв хөрөнгө батлагдаж бодитой барилга угсралтын ажил болж ашиглалтад орох хүртэл тухайн зураг төслийн чанарын батлагаа болгож төсөвт өртгийн 5-10 хувийг авч үлдэхээс өөр аргагүй байгаа. Гэхдээ бид Барилга усралтын төв, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоотой хамтраад судалгаа хийж гарц хайж байгаа. Таван хувийг зураг төслийн компанид олгуулахаар шийдэл гаргаж байгааг дуулгамаар байна. Одоо үүнийг Барилгын яамтай зөвшилцөж эцэслэн шийднэ гэж итгэж байна.

2015 онд хот бол Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ хийсэн. Төсөл хэрэгжүүлэгч компани зураг төслийн компанитай түншлэлийн гэрээтэй ажиллаж байгаа. Гэр хорооллын төслийн удирдах зөвлөлийн хурал дээр одоо үүсээд байгаа асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар хэлэлцсэн. Дараагийн хурлаар шийдвэрлэхийг зорино. Гэрээний дагуу мөнгийг шилжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.

Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат:

Энэ асуудалд төрийн захиргааны байгууллагын оролцоо байхгүй. Гэр хороолын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчид бүх эрхийг өгч, харилцааг аж ахуйн нэгж хоорондын гэрээгээр зохицуулах анхны журам батлагдсан. Энэ үед дахин төлөвлөлтийн хууль байхгүй байсан учраас Үндсэн хуулийн заалтын дагуу л журам гарсан. 2015 оны 06 сард Хот сууринг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсан. Үүний дагуу Төрийн захиргааны төв байгууллагаас ажлын хэсэг гараад журам батлахаар ажиллаж байгаа. Нийслэлийн төслийн удирдах хорооны зүгээс яг ийм шийдэл хүлээсэн асуудлуудыг багцлаад уг ажлын хэсэгт санал хүргүүлсэн байгаа. Хаврын ажил эхлэхээс өмнө шийдвэрлэхээр зорьж байна. Хотын зүгээс хөрөнгө санхүүжилтийн тал дээр ямар нэг саатал байхгүй. Энэ бол танай гэрээ байгуулсан байгууллага хороондын асуудал гэж ойлгож нэг талаар болно.

 

 

 

 

Түгээх