Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар цахим тендерийг амжилттай зохион байгуулан өргөмжлөл хүртлээ

Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааны цахим тогтолцоог өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, үр дүнтэй ажилласан хэмээн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт өргөмжлөл хүртээлээ.

Төрийн худалдан авалтыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, хариуцлагатай, шударга байдлыг дээшлүүлэх үндсэн хөшүүрэг нь цахим систем юм. Тиймээс ч худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын захиалгаар БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “КОИКА”  нийгэмлэгээс санхүүжүүлэн цахим худалдан авах ажиллагааны системийг хэрэгжүүлсэн. 2015 онд уг цахим системийг ашиглан худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулсан мэргэжлийн байгууллагуудыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар мөн Хөвсгөл, Орхон аймгуудын худалдан авах ажиллагааны албад тэргүүлээд байна.

Өнгөрсөн онд Нийслэл хот нийт худалдан авалтынхаа 80 хувийг цахим системээр зохион байгуулж, төрийн худалдан авалтыг шинэ шатанд гаргах ажилд хүч нэмсэн. Уг систем нь тендер зарлах, тендер ирүүлэх, тендер нээхээс гадна Үндэсний татварын ерөнхий газар, арилжааны банкны системтэй холбогдож тендерийн үнэлгээний хянан үзэх шатыг автоматаар хийж, хүний оролцоог бууруулж буйгаараа онцлог юм.

Түгээх