Нийслэл тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээсээ сэтгэл ханамжийн судлагаа авч, дүгнэлт хийлээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа болоод тендер зохион байгуулалтыг хувийн хэвшил хэрхэн үнэлж, дүгнэж буйг тандах зорилгоор судалгааны ажил зохион байгууллаа. 

Судалгааг “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалтын үеэр зохион байгуулж, оролцогч 1000 гаруй аж ахуйн нэгжүүдээс нийслэлд зохион байгуулсан тендер шалгаруулалтад оролцож байсан 340 компанийн төлөөллийг хамруулаад байна. Судалгаанд оролцогчдын 50 хувь нь компанийн захирал, үлдсэн нь менежер, инженерүүд байсан ба ил тод байдал, шударга байдал, хариуцлага, зохион байгуулалт, ажлын чанар, боловсон хүчний чадавхи гэх мэтээр нарийвчилсан 40 асуулгад хариулсан юм. 

Хувийн хэвшлийнхэн тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулдаг болсон, аж ахуйн нэгжээс тендерт шаарддаг лавлагаа цөөрсөн, дотоодын давуу эрх тооцож буй зэргийг таашааж, худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагаас гаргаж буй ахиц дэвшил хэмээн үзсэн. Харин тендерийн ажил гүйцэтгэхэд санхүүжилт хугацаанаасаа хоцордог, тендерт оролцогчдод хэт өндөр шаардлага тавьдаг бэрхшээл байсаар байна гэж тодорхойллоо. Судалгаагаар дамжуулан  үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна худалдан авалтын чанарыг нэмэгдүүлэхтэй холбоотой аж ахуйн нэгжүүдээс тавьж буй санал хүсэлтийг хүлээн аваад байна. 

Түгээх