Худалдан авах ажиллагааны албан хаагчдын уулзалт, зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Өмнөговь аймагт болсон худалдан авах ажиллагааны албан хаагчдын сургалт, зөвлөгөөнд баг төлөөлөгчдөө оролцууллаа. Уг зөвлөгөөнд Сангийн яам, Засгийн газар болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, дүүрэг, 11 аймгийн нийт 60 орчим төлөөлөл оролцсон юм.

Зөвлөгөөн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа болоод салбарын тулгамдсан асуудал, ололт амжилтын талаарх танилцуулга, мэдээлэл, сонирхолтой хэлэлцүүлгээр үргэлжилж цахим худалдан авалтын талаарх сургалт болон спортын тэмцээн уралдаанаар өндөрлөлөө.  

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаанд хэрэгжүүлсэн дэвшилтэт арга туршлага, хууль журмын хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал ба түүний шийдэл, арга замын талаар танилцуулахаас гадна аж ахуйн нэгжүүдээс худалдан авах ажиллагаанд өгсөн үнэлэлт дүгнэлт буюу судалгааны тайланг танилцууллаа.

Худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн актад орсон өөрчлөлт, тендер шалгаруулалттай холбоотой гарсан гомдол, түүний шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал сэдвээр Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээлэл хийж, ярилцлаа. Энэ үеэр Монгол улс цахим болон ногоон худалдан авах ажиллагаагаар Азид тэргүүн байрт орсон талаарх мэдээг онцлов.

Авлигатай тэмцэх газраас тендер шалгаруулалттай холбоотой хяналт шалгалт, түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай видео хурлыг Улаанбаатар хотоос зохион байгуулж, мэдээлэл өгөв.   

Түгээх