АСЕМ угтсан бүтээн байгуулалтын ажлын тендер шалгаруулалт, ажил гүйцэтгэл хуулийн дагуу, шуурхай өрнөж байна

Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид болон иргэдийн  аюулгүй зорчих нөхцөлийг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэх зорилгоор авто замын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга нийт 7 төсөл арга хэмжээний тендер зохион байгуулах эрхийг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн А/157 дугаар захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн юм.  

Гандийн гудамжны 1.6 км авто замын шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто замын шинэчлэлт, Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн  ажил, Богд уулын арын авто замын гэрэлтүүлэг, Яармагийн гүүрээс Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэлх 13,7 км автозам, Богдхан уулын арын 17,1 км автозамын гэрэлтүүлэг,  Энхтайваны гүүрийн зүүн талын туслах замаас Сөүл ресторан хүүхдийн паркийн дундуур Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0,98 км авто замын зураг төсөл, барилгын ажлын тендерийн Үнэлгээний хороо 03 сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/180 дугаар захирамжаар томилогдсон.  

Цаг хугацаанаас хамаарсан онцгой нөхцөл байдлын улмаас дээрх ажлуудын тендер шалгаруулалтыг гэрээ шууд байгуулах аргаар ажлын 8-12 хоногт багтаан амжилттай зохион байгуулаад байна. Үүний тулд автозамын барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг техникийн чадавхи, ажлын туршлага, боловсон хүчний болон санхүүгийн чадавхиар эрэмблэж, эхний 40 компаниас уг тендерүүдийн нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан оролцогчийг сонгон шалгаруулсан юм.   

Тендер сонгон шалгаруулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хариуцлагатай, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай зохион байгуулсны дүнд хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр хугацаандаа эхлэж, чанар стандарт, хуваарийн дагуу явдаг. Өнөөдөр энэ жишгээр нийслэл хотод автозамын засвар, шинэчлэлтийн ажил амжилттай өрнөж байна. Тухайлбал, ирэх 06 сарын 15-ны өдөр гэхэд Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.1км авто замын зорчих хэсгийг 14 м болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай,  гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий болгон  шинэчлэх юм.  Харин уг замын өргөтгөлд  8 аж ахуйн нэгжийн барилгын түр хашаа  болон гадна талбай, тохижилт орсон бөгөөд газар чөлөөлөлтийн ажилд чирэгдэл үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. 

Түгээх