ЗАЙСАНГААС ЖАПАН ТАУН ХОРООЛОЛ ХҮРТЭЛХ АВТОЗАМЫН АЖИЛ АМЖИЛТТАЙ ДУУСЧ, КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

Манай байгууллагаас 2016 онд худалдан авах ажиллагааг зохион байгуулсан авто замын ажлуудын гүйцэтгэл амжилттай явагдаж, эхнээсээ комисст хүлээлгэн өгч байна. Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэл 0.75 км авто замыг 2016 оны 05 дугаар сарын 23-нд комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа. Олон улсын хэмжээний томоохон уулзалт, чуулганыг угтаж богино хугацаанд чанартай гүйцэтгэх шаардлагатай байсан уг ажлын худалдан авалтыг гэрээ шууд байгуулах аргаар зохион байгуулж “Наранбулаг  Хан” ХХК –ыг сонгон шалгаруулсан юм. Ажил гүйцэтгэх гэрээнд 2016 оны 03 дугаар сарын 28-наас  эхлэх уг замын ажлыг 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч хугацаанаас өмнө ашиглалтад бүрэн орууллаа.

Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 м өргөн зорчих хэсэгтэй, 1,5м явган хүний замтай, замынхаа нэг талдаа гэрэлтүүлэгтэй байсан энэ замын Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 м өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, борооны усны шугамыг шинээр тавьсан ба Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан хэсгийг 14м өргөн, 2 талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах  шугамтай болголоо. 

Ийнхүү Зайсангийн гудамж нь “Жапан таун” хотхоны авто замтай холбогдсоноор Чингисийн өргөн чөлөөгөөр дамжин хотын төв, зүүн тийшээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай нийлэх гол маршрут бөгөөд тухайн суурьшлын бүс орчмын иргэдийн хувьд Чингисийн өргөн чөлөө болон бусад замтай холбогдох хамгийн дөт зам болоод  байна. 

 

Түгээх