Тендерийн ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллахыг анхааруулж байна

Энэ намар Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон хурал, чуулган зохион байгуулах, ирэх онд АСЕМ-ын уулзалт хийхтэй холбоотой нийслэл хот бүтээн байгуулалтын ажлаа шуурхай зохион байгуулахад анхаарал тавьж байна. Тендерийн сонгон шалгаруулалтыг шуурхайлахаас гадна гүйцэтгэлийг богино хугацаанд чанартай хийх чадвартай, хариуцлагатай компанийг шалгаруулах мөн компанийн ажилчид, хөндлөнгийн иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдлээс хамгаалахад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага ач холбогдол өгч ажилладаг.

Хотын төвийн шугам хоолойн засварын ажил болоод зуслангийн чиглэлийн автозам шинэчлэх ажил ид өрнөж буй энэ үед компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарыг чанд мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

Жил бүрийн зун намрын улиралд бүтээн байгуулалтын тэр дундаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж осол гэмтэл олноор гарч, хүний амь нас эрсддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Нийслэлээс “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам” гарган мөрдөж байгаа. Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогчдод “мэргэжлийн хөдөлмөр хамгааллын инженертэй байх бөгөөд үндсэн ажилтан байх”, “Ажилчдын болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгуулсан байх гэсэн шаардлагыг тавьдаг. Иймд аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын инженерийг талбайд ажиллуулж холбогдох дүрэм, журам, стандартыг хангуулах, технологийн шинэчлэлтэй холбогдуулаад тэдгээрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хэвших, хөдөлмөр хамгааллын хувцасаар хангах болон хэрэглэж хэвшүүлэх, туслах ажилтныг мэдээллээр хангах, шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ, хашлага хаалтыг стандартын дагуу хийж байршуулах зэрэг анхан шатны шаардлагыг хатуу баримтлах, дагаж мөрдөхийг анхааруулья.

Түгээх