Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулсан худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрэмд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох бусад байгууллагад худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, дүүргийн худалдан авах ажиллагааны албадын үйл ажиллагаанд хяналт тавьж, шуурхай үүрэг, даалгавар өгч, түүний биелэлтийг хангуулж ажиллах чиг үүрэг тусгагдсан байдаг. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулсан худалдан авах ажиллагааны сургалт”-ийг Нийслэлийн Иргэний танхимд нутгийн захиргааны 69 байгууллагын 167 албан хаагчийг хамруулан зохион байгууллаа. 

Уг сургалтын үеэр Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, давуу тал, ач холбогдлын талаар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын улсын байцаагч П.Номи-Эрдэнэ Тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолттой холбоотой гомдол санал, статистикийн мэдээллийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. 

Сургалтад хамрагдсан нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид хууль, журмын өөрчлөлт, төсөл арга хэмжээ зохион байгуулах явцад үүсдэг асуудал, гомдол саналын талаарх өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авсан.