Нийслэлийн төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдалд гамшиг ослын 68 дуудлага ирсэн бөгөөд үүнээс 50 орчим хувь нь шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байжээ.

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан байна. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа аж. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н  хүртэл хөдөлгөөнт эргүүл хийнэ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнжмөл шар өвсийг шатааснаас үүдэж зуслангийн бүсэд гал алдаж иргэд эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол цөөнгүй гарч байна. Шар өвс шатааж бусдад гэм хохирол учруулсан шалтгаан нөхцлийг тодруулж Цагдаагийн байгууллага хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа. Хуурайшилтын үед иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна” гэв.

Нийслэлийн Онцгой байдлын газраас дэлхий нийтэд тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 2 цаг тутамд чанга яригчаар сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэж, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн “Нэг хот -нэг стандарт” зорилтын хүрээнд “Амны хаалтаа тогтмол зүүж, covid-19 халдвараас сэргийлье”, “Ой хээр өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлье” зэрэг уриалгыг гаргажээ.

Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар халдвараар өвчилсөн 16 тохиолдол илэрсэн бөгөөд нийт 1484 иргэн ажиглалтад байгаа талаар , НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн. Нийт 4 иргэн бүрэн эмчлэгдэж гарсан. Гэхдээ тайвширч болохгүй үе учраас иргэд амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах шаардлагатай” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Covid-19 халдварын үед иргэд хувийн ариун цэврийг сайтар хангаж, эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмж мэдээллийг дагаснаар томуу, томуу төст өвчлөлийн тоо эрс буурч байгааг дурдлаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “ Нийслэлийн хэмжээнд “Хотын соёл” аяныг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ил задгай бие засахгүй, олон нийтийн газар нус шүлсээ хаяхгүй байхыг уриалж байна. Ингэснээр томуу, томуу төст өвчлөлийн тоо эрс буурч байгаа эерэг үзүүлэлт гарсан байна. Цаашид коронавирусийн халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, ариун цэврээ тогтмол хангах хэрэгтэй” хэмээгээд иргэдээс ирсэн асуултад хариулав.

Угаарын хий мэдрэгчийн үлдсэн 65 мянган ширхэгийг хэзээ тарааж бэ гэдэг асуултад тэрбээр хариулахдаа “Монгол Улсын хил дээр 65 мянган угаарын хий мэдрэгч ирсэн. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 7 хоног битүүмжилж ариутгаад айл өрхүүдэд тараана. Ирэх 7 хоногт тарааж дуусна” гэлээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс