Д.Сумъяабазар: Хотын хөгжилд Богдхан төмөр замын бүтээн байгуулалт үнэтэй хувь нэмэр оруулна

Богдхан төмөр замын төслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөнд өнөөдөр  боллоо. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох яамдын сайд, УИХ-ын гишүүд оролцсон юм.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн, санаачилж, гарц, шийдлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хотын иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн “Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдрах ёстой боловч өдгөө 1.5 саяд хүрч, хотын даац гурав дахин нэмэгдсэн нь иргэдийн амьдралд нэлээдгүй хүндрэл үүсгээд байна. Хотын төвөөр “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 35 км цагийн хурдтай вагоны тээвэрлэлт өнгөрч байгаа нь 120-160 минутын замын түгжрэлийг үүсгэдэг. Үүнээс харахад “Улаанбаатар төмөр зам” нийслэлийн түгжрэлд хэр зэрэг нөлөөлж байна вэ гэдэг нь тодорхой асуудал юм. Түгжрэлийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, Улаанбаатар хотын хаяа, дагуул хотуудыг тэлэх төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж байгаа нь нийслэлийн хөгжилд үнэтэй, жинтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад Богдхан төмөр замын төсөл онцгой ач холбогдолтой бөгөөд  хотын даргын хувьд тус төсөл эхэлж буйд туйлын баяртай байна” хэмээлээ. Мөн тэрбээр Богдхан төмөр замын ажил нэг минут ч гацах учиргүй бөгөөд нийслэлийн удирдлагууд тус бүтээн байгуулалтын ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана гэдгийг онцолж байв.

Монгол Улсын Засгийн газрын 2021оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Тус компани нь Монголын анхны инженеренгийн компани бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд чанарын хяналт үзүүлэн, төлөвлөгөө, технологи зэрэгт заавар, зөвлөгөө өгөн ажилласан. Өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн I зэрэглэлийн, уулзваргүй 240 км төмөр замын цогцолбор төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэгэн адил Богдхан төмөр замын ажлыг мөн адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээгээд, бүтээн байгуулалтад хамтран оролцож буй зэвсэгт хүчний байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС