ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМЭЭР ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3.худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журам батлах; /Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ гэж заасан.
Үүний дагуу Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам” батлагдсан.
Хоёр.Захиалагч болон тендерт оролцогчийг цахим системд бүртгэх, нэвтрэх эрх олгох
2.1.Захиалагч нь түүнийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авах ажилтны нэр, албан тушаал, цахим шуудан, утасны дугаар, тендерийн баримт бичгийн үнэ шилжүүлэх Төрийн сангийн дансны мэдээлэл бүхий хүсэлтээ албан бичгээр мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ. Хүсэлтэд захиалагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг хавсаргасан байна.
2.2.Мэргэжлийн байгууллага журмын 2.1-д заасан захиалагчийн хүсэлтийг хянаж шаардлага хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуг бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлнэ.
2.3.Захиалагч байгууллагыг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан нь цахим системийн үйлчилгээний нөхцөлийг захиалагчийн нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөнө.
2.4.Цахим худалдан авах ажиллагаанд оролцохыг сонирхогч иргэн, хуулийн этгээд дараах журмаар цахим системд бүртгүүлж, нэвтрэх эрх авна:
2.4.1. цахим системд бүртгүүлэх хүсэлтийг бөглөж, үндэсний тоон гарын үсгээр баталгаажуулан илгээнэ. Хүсэлт гаргагчийн болон түүнийг төлөөлөх ажилтны мэдээлэл, албан ёсны цахим шуудан, утасны дугаарыг үнэн зөвөөр бөглөсөн байна;
2.4.2. мэргэжлийн байгууллага хүсэлтийг хянан, шаардлага хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуг бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлнэ;
2.4.3. цахим системд бүртгэгдсэн этгээд цахим системийн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөж баталгаажуулна.
2.5.Цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан, эсхүл цахим системд бүртгэгдсэн мэдээлэл өөрчлөгдөх тухай бүрд захиалагч болон тендерт оролцогч ажлын 5 өдрийн дотор мэргэжлийн байгууллагад албан бичгээр эсхүл цахим системээр мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг бүртгүүлнэ.
2.6.Захиалагч ба тендерт оролцогч цахим системд нэвтрэх эрх авсан ажилтныг өөрчлөх бол журмын 2.1-2.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагад хандаж шинэ нэвтрэх эрхийг авна.
2.7.Журмын 2.5-ыг зөрчсөн, цахим системд бүртгэлтэй мэдээллийг тухай бүр шинэчлээгүй болон тухайн этгээдийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны аливаа үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавар, хариуцлагыг холбогдох захиалагч, тендерт оролцогч хүлээнэ.
2.8.Цахим системд нэвтрэх эрх авсан тендерт оролцогч нь хуулийн этгээд бол түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн, иргэн бол тухайн иргэний үндэсний тоон гарын үсгийг ашиглан цахим тендер шалгаруулалтад оролцоно. Тендерт оролцогч нь цахим системд бүртгүүлэхээс өмнө харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжээс тоон гарын үсгийг холбогдох журмын дагуу авсан байна.
2.9.Мэргэжлийн байгууллага нь захиалагч болон тендерт оролцогчийн цахим системд бүртгүүлэх хүсэлт энэ журам болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй бол бүртгэхээс, цахим системийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол үйлчилгээ үзүүлэхээс тус тус татгалзах эрхтэй.
2.10 дахь хэсгийг /Сангийн сайдын 2021 оны 242 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/