КОНЦЕСС ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?
Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "Концесс" гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг хэлнэ гэж зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл “Төр хувийн хэвшлийн түншлэл” нь төрийн үйлчилгээ тэр дундаа дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэх, өмчийг хувийн хэвшлийн нөөц ба туршлагад тулгуурлан ашиглах зорилготой төрийн байгуулага болон хувийн хэвшлийн хооронд байгуулсан эрхзүйн албан ёсны харилцаанд тулгуурласан ойлголт юм.
Концессыг дараах 7 төрлөөр хэрэгжүүлдэг бөгөөд концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тусгаж өгсөн байдаг.
Үүнд:
"Барих-ашиглах-шилжүүлэх"–концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;
"Барих-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;
"Барих-өмчлөх-ашиглах"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх;
"Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх" – концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд өмчлөн ашиглаж, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;
"Барих-түрээслэх-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдэд санхүүгийн түрээсээр эзэмшүүлэх, түрээсийн хугацаа дуусгавар болоход төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;
"Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах"- концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд ашиглан, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;
"Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэчлэн сайжруулж гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээнд заасан нөхцөлөөр концессын зүйлийг шинэчлэн сайжруулсан зүйлийн хамт төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/20, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 109,167, 2020 оны 93 дугаар тогтоолоор “Нийслэлийн концессын зүйлийн жагсаалт”-д туссан нийт 32 төсөл, арга хэмжээ байна. Онцгой эрх (концесс) олгох гэрээ байгуулан хэрэгжиж байгаа 3 төсөл, арга хэмжээнд хяналт тавин ажиллаж байна.
Тус жагсаалтад туссан онцгой эрх олгох гэрээ байгуулагдсан 3 төсөл:
➢ Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих төсөл;
➢ СХД-ийн 24 дүгээр хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих төсөл;
➢ “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол төсөл.