КОНЦЕСС ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "Концесс" гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг хэлнэ гэж зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл “Төр хувийн хэвшлийн түншлэл” нь төрийн үйлчилгээ тэр дундаа дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэх, өмчийг хувийн хэвшлийн нөөц ба туршлагад тулгуурлан ашиглах зорилготой төрийн байгуулага болон хувийн хэвшлийн хооронд байгуулсан эрхзүйн албан ёсны харилцаанд тулгуурласан ойлголт юм. Концессыг дараах 7 төрлөөр хэрэгжүүлдэг бөгөөд концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тусгаж өгсөн байдаг. Үүнд: "Барих-ашиглах-шилжүүлэх"–концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Барих-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Барих-өмчлөх-ашиглах"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх; "Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх" – концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд өмчлөн ашиглаж, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Барих-түрээслэх-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдэд санхүүгийн түрээсээр эзэмшүүлэх, түрээсийн хугацаа дуусгавар болоход төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах"- концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд ашиглан, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэчлэн сайжруулж гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээнд заасан нөхцөлөөр концессын зүйлийг шинэчлэн сайжруулсан зүйлийн хамт төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/20, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 109,167, 2020 оны 93 дугаар тогтоолоор “Нийслэлийн концессын зүйлийн жагсаалт”-д туссан нийт 32 төсөл, арга хэмжээ байна. Онцгой эрх (концесс) олгох гэрээ байгуулан хэрэгжиж байгаа 3 төсөл, арга хэмжээнд хяналт тавин ажиллаж байна. Тус жагсаалтад туссан онцгой эрх олгох гэрээ байгуулагдсан 3 төсөл: ➢ Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих төсөл; ➢ СХД-ийн 24 дүгээр хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих төсөл; ➢ “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол төсөл.

Тендерийн баталгааг хэрхэн цуцлах вэ?

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дах хэсэгт Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно. 20.7.Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно: 20.7.1.тендерт оролцогч тендерийг нээсний дараа, тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс татгалзсан; 20.7.2.«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан. 20.7.3.тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. /Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./ гэж тус тус заасан байна.

Тендер ирүүлэх болон хүчинтэй байх хугацаа гэж юу вэ?

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно. 24.2.Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно. 24.3.Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно. 24.4.Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбай үзэх шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг оруулан тооцно. 24.5.Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасан. /Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ /Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМЭЭР ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3.худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журам батлах;/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ гэж заасан. Үүний дагуу Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам” батлагдсан. Хоёр.Захиалагч болон тендерт оролцогчийг цахим системд бүртгэх, нэвтрэх эрх олгох 2.1.Захиалагч нь түүнийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авах ажилтны нэр, албан тушаал, цахим шуудан, утасны дугаар, тендерийн баримт бичгийн үнэ шилжүүлэх Төрийн сангийн дансны мэдээлэл бүхий хүсэлтээ албан бичгээр мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ. Хүсэлтэд захиалагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг хавсаргасан байна. 2.2.Мэргэжлийн байгууллага журмын 2.1-д заасан захиалагчийн хүсэлтийг хянаж шаардлага хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуг бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлнэ. 2.3.Захиалагч байгууллагыг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан нь цахим системийн үйлчилгээний нөхцөлийг захиалагчийн нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөнө. 2.4.Цахим худалдан авах ажиллагаанд оролцохыг сонирхогч иргэн, хуулийн этгээд дараах журмаар цахим системд бүртгүүлж, нэвтрэх эрх авна: 2.4.1. цахим системд бүртгүүлэх хүсэлтийг бөглөж, үндэсний тоон гарын үсгээр баталгаажуулан илгээнэ. Хүсэлт гаргагчийн болон түүнийг төлөөлөх ажилтны мэдээлэл, албан ёсны цахим шуудан, утасны дугаарыг үнэн зөвөөр бөглөсөн байна; 2.4.2. мэргэжлийн байгууллага хүсэлтийг хянан, шаардлага хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуг бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлнэ; 2.4.3. цахим системд бүртгэгдсэн этгээд цахим системийн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөж баталгаажуулна. 2.5.Цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан, эсхүл цахим системд бүртгэгдсэн мэдээлэл өөрчлөгдөх тухай бүрд захиалагч болон тендерт оролцогч ажлын 5 өдрийн дотор мэргэжлийн байгууллагад албан бичгээр эсхүл цахим системээр мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг бүртгүүлнэ. 2.6.Захиалагч ба тендерт оролцогч цахим системд нэвтрэх эрх авсан ажилтныг өөрчлөх бол журмын 2.1-2.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагад хандаж шинэ нэвтрэх эрхийг авна. 2.7.Журмын 2.5-ыг зөрчсөн, цахим системд бүртгэлтэй мэдээллийг тухай бүр шинэчлээгүй болон тухайн этгээдийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны аливаа үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавар, хариуцлагыг холбогдох захиалагч, тендерт оролцогч хүлээнэ. 2.8.Цахим системд нэвтрэх эрх авсан тендерт оролцогч нь хуулийн этгээд бол түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн, иргэн бол тухайн иргэний үндэсний тоон гарын үсгийг ашиглан цахим тендер шалгаруулалтад оролцоно. Тендерт оролцогч нь цахим системд бүртгүүлэхээс өмнө харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжээс тоон гарын үсгийг холбогдох журмын дагуу авсан байна. 2.9.Мэргэжлийн байгууллага нь захиалагч болон тендерт оролцогчийн цахим системд бүртгүүлэх хүсэлт энэ журам болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй бол бүртгэхээс, цахим системийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол үйлчилгээ үзүүлэхээс тус тус татгалзах эрхтэй. 2.10 дахь хэсгийг /Сангийн сайдын 2021 оны 242 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

Тендерийн баталгаа гэж юу вэ?

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7.”ТЕНДЕРИЙН БАТАЛГАА” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ.

Гүйцэтгэлийн баталгаа гэж юу вэ?

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17.”ГҮЙЦЭТГЭЛИЙН БАТАЛГАА” гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ.

Урьдчилгаа төлбөрийн баталгаа гэж юу вэ?

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.”УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН БАТАЛГАА” гэж захиалагч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж гүйцэтгэгчээс захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ.

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд 2022 оны тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах боломжийг бий болгох бэлтгэл ажлыг Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар хамтран хэрэгжүүлж байна. Тендер шалгаруулалтад санал болгож буй инженер, техникийн ажилтнуудын дээд боловсролын дипломын мэдээллийг Төрийн мэдээллийн нэгдсэн систем болох ХУР системээр дамжуулан лавлаж, тендерийг үнэлдэг болгохоор бэлтгэж байна. Иймд тендерт оролцохыг сонирхогч этгээдүүд Та бүхэн өөрийн ажилтнуудын дипломын мэдээлэл Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-д байршсан эсэхийг лавлах шаардлагатай байна. Дээрх мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтэст хандаж Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгүүлнэ үү. Дээрх бүртгэл хийгдээгүй тохиолдолд тендерийн үнэлгээнд харгалзан үзэх боломжгүй болохыг анхаарна уу. E-mongolia системээс мэдээлэл шалгах заавартай танилцах бол https://www.youtube.com/watch?v=1PEEp8NQNu0 Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд мэдээллээ бүртгүүлэх, засварлуулах шаардлагатай бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтэст хандан өргөдөл гаргана уу. Үүнд: 1. 2003-2018 онуудад төгссөн бол Дипломын хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар 2. 2003-оноос өмнө төгссөн бол Дипломын хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар, Төгссөн сургуулийн архиваас төгссөн тушаалын баталгаажуулсан хуулбар

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 6.1.3-т заасны дагуу Цахим худалдан авах ажиллагааны систем нь Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг www.tender.gov.mn системд тендерт оролцогчид цахим хэлбэрээр авдаг боллоо. Тус тодорхойлолтыг авах заавартай доорхи линкээр орж танилцана уу.

“ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ӨРТЭЙ ЭСЭХ ТОДОРХОЙЛОЛТ”-ЫГ 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 17-НООС 20-НЫ ХООРОНД 156 ЛАВЛАГААГ ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ЦАХИМААР АВААД БАЙНА.

Цахим худалдан авах ажиллагааны систем болон төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг тендер шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд цахимаар авах боломжтой боллоо. Тендер шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь уг тодорхойлолтыг цаасаар очиж авах шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-ийн эрхээрээ төлбөрөө төлж цахимаар авах боломжтой юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг цахимаар авдаг болсон нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2022 оны тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах боломжийг бий болгох гэсэн арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа нэг ажил юм. “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ноос 20-ны хооронд 156 лавлагааг тендерт оролцогчид цахимаар аваад байна. Тус тодорхойлолтыг авах заавартай дараах линкээр танилцана уу.