Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.8-д тусгагдсан арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/115 дугаар тушаалаар “Дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах тухай” ажлын хэсэг байгуулагдаж, удирдамж батлагдсан.
Удирдамжийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд ажлын хэсэг дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албанд зөвлөн тусалж, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд ажлын хэсгийн тайлан, зөвлөмжийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/2608 дугаар албан бичгээр холбогдох албадад хүргүүлсэн.

Энэхүү ажлын хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын Б блокийн 206 тоот хурлын танхимд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон 9 дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 50 албан хаагч оролцсон уулзалт, семинар зохион байгуулагдлаа.

Уулзалт, семинарын үеэр “Зөвлөн туслах ажлын тайлан, зөвлөмж”, Нийслэлийн Засаг даргын 2025 оны захирамжаар худалдан авах ажиллагааны эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, Нийслэлийн хэмжээний нэгдсэн тайлан, мэдээний цахим систем (www.report.ub-procurement.mn)-ийн бүртгэл, хөтлөлтийн байдал, Сангийн сайдын тушаалаар баталсан тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн нэмэлт, өөрчлөлт болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/100 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэцэг 2025 онд төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд гарсан анхаарах асуудлуудыг онцлон дурьдсанаас гадна Нийслэлийн болон дүүргүүдийн хэрэгжүүлж буй сайн туршлага, үр дүнтэй арга зүйг харилцан солилцож, 2026 онд худалдан авах ажиллагааг улам сайжруулж ажиллах зорилттойгоор уулзалт, семинар үр дүнтэй болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэс
Ахлах мэргэжилтэн Б.Дөлгөөн
706 тоот өрөө, Утас: 75757807