Нутгийн захиргааны бүх шатны байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ:
1.Нутгийн захиргааны бүх шатны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах;
2.Харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах;
3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг өөрийн төсвөөс тусгайлан төлөвлөж санхүүжүүлэх;
4.Шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжин туслах;
5.Харьяа нутаг дэвсгэрийн иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажлын талаар мэдээлэл өгөх;
6.Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, боловсронгуй болгох;
7.Нутаг дэвсгэртээ бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдалд дүгнэлт хийж, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, шинжээчтэй хамтран ажиллах;
8.Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан хуулийн этгээд, иргэний үйл ажиллагааг дэмжих;
9.Нутаг дэвсгэр хариуцсан хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөнд үнэлэлт, дүгнэлт өгөх;
10.Хууль тогтоомжид заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахдаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого баримтлах;
11.Харьяа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газар, интернэт кафе болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлага, ажиллах цагийн хуваарийг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх;
12.Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодисыг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавих;
13.Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байр бий болгох, хөдөлмөрлөх дадал, туршлага олоход нь дэмжлэг үзүүлэх;
14.Нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн байцаагч томилон ажиллуулах;
15.Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг байнгын бүрдүүлж, арчлан хамгаалах, шаардагдах зардлыг хариуцах;
16.Хууль тогтоомжид заасан бусад. (Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг)
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
Хууль эрх зүйн хэлтэс
Мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн
720 тоот өрөө, Утас: 75757807